Өөрийгөө ялан дийлэх хүчийг бурхан минь надад өгөөч

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (1 дүгээр хэсэг)

Бичсэн: Зохиол
Эртүүд энэ туужийг сонин дээрээс олж уншсан юмаа тэгээд сайхан санагдаад оруулчихъя гэж бодлоо.
Японы зохиолч Кикүчи Кан (1888-1948) зохиосон зохиолыг Дэлэгийн Төмөрбаатар гуай орчуулан нийтлэсэн юм байна.

Албат Самурай Ичикүро эзэн ноёныхоо урт илдэнд өртөн, зүүн хацартаа бас эрүүндээ яльгүй шарх авах нь тэр. Уг нь өөрийг нь өдөөд ирсэн гэх эзнийхээ татвар эмтэй дурлалын харьцаанд орсон хэмээх амь дүйсэн гэмт үйлдлийнхээ төлөө Ичикүро эзнийхээ залхаан цээрлүүлэх мэснээс зайлахыг оролдсон хэдий ч мултарч бултах зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байсангүй. Тэглээ гээд энэ явдлаас болж амь насаа алдах нь тун харамсалтай тул болж өгвөл бултаад гарчих санаална. Шалиг садар занд нь хорссон эзэн нь илдээ сугалан дайрахад Ичикүро гартаа таарсан лааны суурийг барин, өөрийгөө хамгаална. Нас тавь гарсан гэх боловч булчин шөрмөс чанга эзэн нь урт сэлмээ барин уухайлан довтлоход өөрийгөө өмөөрөх эрхгүй Ичикүро эвийг нь тааруулан бултан зугтаж байсан хэдий ч эхний дайралтанд өртөн, ийнхүү зүүн хацартаа шарх олжээ. Цусаа урсахыг харсан Ичикүро тэр дороо л омогшин уурсаж “нэгэнт л үхэхээс хойш” гэсэн бодлын хажуугаар өөрийг нь хөнөөхөөр довтлох эзэн ноён нь адгууснаас өөрцгүй харагдаж, юун эзэн албатдаа тулж иржээ. Улайрч уурссан Ичикүро гартаа барьсан лааны суурийг эзэн рүүгээ чиглүүлэн нүүлгэж орхисонд ингэнэ чинээ санаагүй байсан эзэн Сабүробэгийн нүдэн дээр буух нь тэр. Энэ мөчид барьц алдсан Сабүробэ рүү Ичикүро илдээ сугалан дайрлаа.

-Үгүй, энэ чинь юу вэ ээ! Бүүр, надтай арсалдах нь ээ, энэ чинь! Хэмээн эзэн ноён Сабүробэ уушиг зүрх нь сагсайтлаа уурлана. Сабүробэ гурван шякү хэрийн урттай сэлмээрээ богино сэлэм барьсан Ичикүротой хоёр гурван ч удаа цавчилдан дайтав. Харин түүний урт сэлэм хэд хэдэн удаа намхан таазанд тулан зоогдож, тун төвөг удаж байх зуур Ичикүро харин ч овжин довтолж байв. Сабүробэ өөрт нь тун хэцүү байсан тул зайлж зугтах санаалан ухарсаар гадагшиллаа. Энэ хооронд Ичикүро улам довтолсоор байсанд яахаа мэдэхээ байсан Сабүробэ илдээ шидсэнд шуудхан хаалганд зоогдчих нь тэр.

-Аа, чөтгөр, хэмээн хараал урсгасаар Сабүробэ илдээ сугалж авахыг оролдох зуур Ичикүро үсрэн ирж, эзэн ноёныхоо суган тус газар илдээрээ хатгачих нь тэр.

Тулалдагч дайсан нь хөсөр унах тэрхэн агшинд Ичикүро нэг юм “ухаан орж”, улангасан дайрч уулгалан довтолж байсан зориг зүрх нь шалдаа буун, тэрбээр, эзэн ноёноо хороосон их хэрэг өдөөснөө сая л нэг ойлгон, “би юу хийчих нь энэ вэ” хэмээн айдас хүйдэс, гэмшил ухаарлаар чичирч эхлэв. Аль хэдийнэ харуй бүрий болжээ. Эзэн ноёны өргөө албатуудынх нь байрнаас хол байдаг болохоор ноён албат хоёрын цус урсгасан ширүүн тулааны талаар ноёны өргөөнд байрладаг зарц шивэгч нараас өөр хүн мэдээгүй бололтой. Зарц шивэгчид болсон явдалд ухаан алдатлаа айцгаан, дагжиж чичирсэн чигээрээ.

Ичикүро гэмшихийн дээдээр гэмшинэ. Тэрбээр ердийн нэгэн хөнгөн шингэн самурай байсан бөгөөд хааяадаа зодоон нүдээнд нэр холбогдчихоод байдаг хэдий ч ийм балмад үйл хийчихээр хүн биш байжээ. Эзнийгээ хорооно гэдэг бол уучилж өршөөхийн аргагүй найман хүнд гэмт хэргийн нэг байсан ажгуу. Ичикүрогийн илднээс цус шүүрэн урсана. Эзний татвар эмтэй нөхцөсний ял шийтгэлийг хүлээх ёстой байтал ийм хэрэг өдүүлчихдэг. Энэ бол үнэнхүү таагүй явдал билээ. Ярвалзан татганах эзний биеийг харах тэр агшинд Ичикүро “ерөөсөө л амиа егүүтгэхээс өөр аргагүй боллоо” гэсэн бодолд автаад байв.

Харин хажуу өрөөнөөс нэгэн эмэгтэй хашгирах сонсогдов. Бүсгүй эгээ л дөнгө хүлээснээс мултарсан лугаа адил л чичирсэн дуу хоолойгоор:

-Ер нь яах бол доо, гээд л, айж л байлаа шүү. Эхлээд чамайг хоёр ч цавчуулахад чинь, за тэгээд миний ээлж ч одоо ингээд ирэх вий, гээд л, хөшигний араас амьсгаа даран айж сандран харж зогслоо шүү дээ. Ёстой л аз таарлаа. Одоо нэгэнт ийм юм болсон болохоор удаад хэрэггүй. Байгаа мөнгийг нь аваад зугтацгаая. Хүмүүсийг мэдээгүй дээр нь бушуухан оргон зайлъя. Эх хатан, шивэгчид бүгд л гал тогоо хавиар сандарч мэгдэцгээж байгаа биз. Би очоод тэднийг тайвшруулаадхая. Тэр хооронд чи мөнгийг нь сайн эрж хай! хэмээн бүсгүй Ичикүрод хэлнэ. Бүсгүйн дуу хоолой ийн чичирч байвч үүнийгээ эмэгтэй хүний “авъяасаараа” нуун дарж байлаа. Яахаа мэдэхээ байсан Ичикүрог бүсгүйн яриа тайвшруулж, сэхээ авхууллаа. Тэрбээр бүсгүйн үгэнд орон, утсан хүүхэлдэй аятай найгаж ганхан том өрөөгөөр орон, энд тэндээс мөнгө хайж эхлэв. Хайрцаг сав, таарсан бүхнээ онгичон сандааж, дээгүүр нь цусан толбо үлдээж байлаа. Мөнөөх татвар эм Оюмиг эргэн ирэхэд Ичикүро дөнгөж л арав рёогийн олзтой байж байв.

Энэ хэдээр юу хийх вэ дээ, гээд Оюми байгаа бүхнийг онгойлгон, сэгсэрч байсан хэдий ч алтан зоос энээ тэрээг нь олсонгүй.

-Харамчийн хар тулам, хамаг байдгаа хаа нэгтээ булаа л биз, хэмээн үглэсээр, бүсгүй эм тан, хувцас хунар хийсэн хайрцгийг нь авлаа.

Асакүса дүүргийн Табара хороолол дахь дөнгөж саяхан нэгэнтээ нөгөө ертөнцөд морилооч болсон хатамото Накагава Сабүробэгийн гэрээс нүгэлт эр эм хоёр гарч явсан цаг үе бол Анъэй эриний III оны намрын эхэн үе байлаа. Аав нь амиа алдах энэ үеэс Сабүробэгийн цорын ганц хүү, 3 настай Жицүносүкэ аавынхаа энэ үхлийн талаар төсөөлөх ч юмгүй өрлөг эхийнхээ өвөр дээр амгалан тайван унтаж байсан аж.



Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

БУРХНЫ НҮД

Зургаан зүйл хамаг амьтан
Үйлийн үрээр сансарын хүлгэнээ хүлэгдсээр байна
Үйлийн үрээс гэтэлгэх замыг хүн та өөрөө л...
Нүүр хуудас





:-)
 
xaax