Өөрийгөө ялан дийлэх хүчийг бурхан минь надад өгөөч

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (3 дугаар хэсэг)

Бичсэн: Зохиол

Ичикүро уул талаар амарч зогсолгүй хорин ри газар гүйсээр маргааш орой нь Мино хошууны Оогакизай суурингийн Шёоганжи хийдэд ирэв. Тэрбээр зориуд энэ ирсэн хэрэг биш л дээ. Сандарч мэгдэн гүйж байхдаа санаандгүй энэ хийдийн өмнүүр өнгөрөх үеэс оволзож үймэрсэн ухаарал гэмшлийн сэтгэлээ итгэл бишрэлийн гэрлээр гэгээрүүлэхсэн гэсэн хүсэл төржээ.

Шёоганжи хийд бол Мино хошууны Шингон урсгалын гол дугана юм. Ичикүро энэ хийдэд алба өргөж буй хамба ламтантай уулзан ухаарал гэмшлийнхээ үнэн мөнийг өчин наминчлахад ламтан:

-Айхтар булай хэрэг ар арааас нь үйлдсэн чамайг засаг захиргаанд тушаан, тэд чиний толгойг авч модонд шорлон гэсгээх ёстойбайсан биз. Ингэсэн бол хорвоод гэм нүглээ цагаатгахад чинь тус болох байсан байхдаа. Гэлээ ч хойд насандаа зовлон зүдгүүрийг амсч л таараа. Бурханы сургаалийг сүсэглэн, бусдын нүглийг өршөөн явбал өөрийн чинь нүгэл ч арилан нимгэрэх болно, гэжээ.

Ламтаны үгийг сонсоод Ичикүрогийн гэмшлийн сэтгэл улам бадран, сахил хүртэн, мөнөөх сүмд шавьлан сууж, Рёокай хэмээх нэрийг хүртэн ариуслын замд оров. Рёокай бурханы ариун сургааль номыг амь бие үл хайрлан хичээллэн уншиж, өглөө бүр гурван нууц номыг ухааран судалж, үдэш болмогц буддын нууц тарнийг ухаан бодолдоо шингээсээр, хагас жил ч өнгөрөөгүй байхад үйлс сэтгэл нь цэлмэг тэнгэр адил гэгээрч иржээ. Өглөө бүр гурван нууцын номд шамдан, үдэш өвдөг сөхрөн сууж өч төчнөөн мөргөл залбирлыг үйлдэнэ. Үнэн сэтгэлийн замд эргэлт буцалтгүй орохын тулд бусдын тусын тулд багш ламтаныхаа зөвшөөрөл хүслээр нутаг орноо бядан хэсүүчлэхээр замд гарчээ.

Мино хошуунаас гарч, Киото нутгийг зорив. Одоо Ичикүро бадарчин болчихсон, амьд сэрүүн явж байна. Харин түүний гарт хичнээн ч хүний амь үрэгдэв дээ. Ингэж бодохоор л зүрх нь шимширнэ. Хүмүүст тус хүргэж, хийсэн нүглээ өчүүхэн ч болов нимгэлэхийг хүсч байсан бөгөөд үүний төлөөнөө энэ биеэ эвдэн буталсан ч бэлэн болсон байлаа. Урьд өмнө нь Кисо нутагт амьдарч ахуйдаа харгис догшин байснаа цаг үргэлж санана, одоо бол таарч учрах хүн бүрийн өмнө өөрийгөө буруутай гэж бодож явна. Хийсэн гэм нүглээ арилгаж баршгүй мэтээр төсөөлөн явлаа.

Ичикүро одоо алхам тутамдаа л хүний төлөө санаа зовон явах болжээ. Урт замд эцэж ядарсан аянчдад туслан тэднийг хөтлөх буюу араас нь түшин явна. Өөрийгаа хайхралгүй өвдөж зовсон хүүхдийг үүрээд хэдэн ри газар ч явж байжээ. Хөдөөний замд эвдэрсэн гүүр тааралдвал Ичикүро ойгоос мод чирч авчраад нөгөө гүүрийг янзалдаг байлаа. Зам эвдэрч муудсаныг харвал шороо элс авчирч засна. Кинай нутгаас эхлэн Чюүгокү мужаар бядан явахдаа мөч бүрт сайн сайхан үйл бүтээх чин эрмэлзэлээр дүүрэн явжээ.

Кёохогийн эриний IX он (1724)-ны намар байв Ичикүро, Акамасэкигээс гарч Кокүрагаар дамжин Бизэн хошууны Үсахачинмангү сүмд очив. Ямакүни голоор дээшлэн Кишякүсэцүнран хийдэд мөргөл хийчихээд, Ёкканчигээс өмнө зүгт улаан хөрст их талыг гатлан Ямакүни голын навчит хөндийг хаяалан явав.

Цүкиши нутгийн намар, өртөө замын дэн буудлууд холимог модот ойн хаж мод улайран ягаарч, тутрагын талбай дахь тутрага шаргалтан боловсорч тариачдын орон байшин хавиар улаан илжгэн чих жимч улам л улайрч унжийн харагдана.

8 дугаар сар дөнгөж эхлээд байсан ажгуу. Ичикүро намрын өглөө гэрэлтэн гялалзах Ямакүни голын цэвэр тунгалаг усны чулууг ажсаар Микүчи болон Хотокэсакаг холбосон замыг гатлан, үдийн алдад Хида өртөөнд ирлээ. Хөл хөдөлгөөн багатай энэхүү өртөөнд үдийн хоол идчихээд дахиад л Ямакүни голын хөндийн хаяаг барин өмнө зүгийг зорив. Хида өртөөнөөс холдмогц зам дахиад л Ямакүни голоор хаяалан, чулуурхаг эргээр өнгөрнө.

Алхаж явахад тун бэрх замаар Ичикүро таяг тулан явж байтал замын хажуухнаа энэ нутгийн тариачид болов уу гэмээр дөрөв таван хүн хэрэлдэн маргалдаж байх ажээ.

Ичикүрог ойртон ирэхэд тэдний нэг нь:

-За мөн ч цагаа олж ирлээ дээ, та. Энд нэг хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Нэгэнт л энд та морилж байгаа болохоор хойтохыг нь уншиж тус буянаа хайрлаач, гэх нь тэр.

Харамсалтайгаар амий алдлаа, гэхийг сонсоод Ичикүро, “дээрэмчний гарт үрэгдээгүй байгаа даа” гэсэн бодол төржээ. Өнгөрсөн түүхээ дурсахаар л өр нь өвдөж, гэмшил харамслын сэтгэл өөрийн эрхгүй булгилан ирнэ. Хамаг бие нь хөшиж хөрч орхих шиг болсон боловч харин нөгөөх хүн бол живж үхсэн нь үнэн байжээ.

-Нээрээ л, живж үхсэн юм шиг байна. Гэхдээ л, яасан олон шархтай юм бэ дээ?

-Дамтаан, та анх удаагаа л энд морилон ирж байгаа болов уу? Энд тун аюултай гинжин гарам байдаг юм. Эндээс холгүй, гол дээгүүр татсан байдаг юм л даа. Энэ бол манай уулархаг нутгийн хамгийн хэцүүхэн газар. Тэр гармаар голын хоёр эргээс хүмүүс морьтойгоо гаталдаг. Тун ч олон хүн осолдсон доо. Энэ талийгаач ч бас... .Голын эхээр байдаг Какизака нутгийн хүн, адуучин. Өнөө өглөө гол гарч явтал морь нь үргэж бусгаад уначихсан юм. Таван жёо хэрийн өндрөөс шүү, харахаас л аймаар. Аймшигтайгаар л өнгөрсөн дөө, хэмээн нөгөө хүн ярив.

-Гинжин гарам гэнэ ээ? Тэр аюултай газрын тухай дуулсан юм байна шүү. Золгүй явдал байнга тохиолддог хэрэг үү?

-Жилдээ хэд хэдэн удаа, бүр арваад хүн үхдэг. Муу ёрын газар даа. Үүнээс өөр ийм аймшигтай газар гэж байхгүй биз. За тэгээд бас бороо, салхи эвдээд хаячихна аа, гэх зуур тариачин талийгаачийн шарилыг засч янзлана. Ичикүро талийгаачийн хойтохыг уншчихаад гинжин гарам руу яаран очив. Дөнгөж нэг чёо газар явтал том хадан цохио дүнхийх бөгөөд тас цавчсан хана мэт баруун хэсэг нь голын дээгүүр арав гаруй жёо сүндэрлэх ба голын эрэг цайвар бор гадаргатай, хурц цавчим нугалаатай аж. Тэрхүү цохио хад хормойг нь долоон цахран давалгаалсаар цалгилах хар ногоон усыг сорон авах мэт. Тэгш зам байцыг шууд чиглэсэн байна. Усны эргийн дунд хэрд цохио хад тойруулан нарсыг өөр модтой холбон дэвсчээ. Үнэхээр зэвүүн үзэгдэнэ. Нөгөө гарам нь энэ аж. Дэр дэвсэг дээр гараад доош харвал ус таван жёогийн тэртээд хуйлран урсах ба дээш харвал лут том байц сүртэй өнгийнө. Түүгээр явахад зөвхөн зүрх муутай эмэгтэйчүүд хүүхэд байтугай хэн ч айж салганахаар билээ.

Хаднаас зууран өвдөгөө чичрэхийг намдааж, бат чанга гишгэхийг чармайсаар Ичикүро дэвсэгээр гарав. Дараа нь цавчим цохиог дахин анхааралтай хармагц л сэтгэл дотор нь агуу том хүсэл эрмэлзэлээр булхаад ирэв. Үйлдсэн өдий төдий нүглээ аар саар буянаар арилгаж барахгүй байсан Ичикүро бүхнийг умартан амьдралаа аугаа их үйлст зориулах шийдвэр гаргах болоод ирлээ. Ичикүро ерөөсөө л хүнд бэрх сорилт шүүлтийг хүсч байсан билээ. Золгүйгээр амь үрэгдсэн талийгаач, жилд арваад хүн амиа алддаг энэхүү аюулт гармыг хараад Ичикүрод хүмүүсийг энэ их аюулаас ангижруулъя гэсэн их хүслэн орилон ирэв. Хадан цохиог нүхэлж хоёр зуу гаруй кэн урт хонгил гаргая гэсэн зоримог санаагаа гүйцэлдүүлэхээр амь биеэ үл хайрлан тэмцэх андгай тангарагийг өөртөө хэлэв. Эцсийн эцэст, эрэн хайсаар хийх ёстой ажлаа оллоо. Хэрэв нэг жилд арван хүн аварвал арван жилд зуу, зуун жилд мянга, мянган жилд сая хүний амь аварна гэсэн үг.

Тэр өдрөөс эхлэн хамаг бие сэтгэлээ ажилдаа зориулж эхлэв. Ичикүро Раканжи сүмийн хошид сууж эхлэв. Хонгил байгуулахад зориулан хөрөнгө цуглуулахаар Ямакүни голын сав хөндийн тосгодоор явсан боловч үл таних хэрмэл бадарчны үгэнд хэн ч итгэсэнгүй.

-Энэ солиотой амьтан хоёр зуу гаруй урт хадыг нүхлэх юм гэнэ. Ха ха ха, гэж зарим нь доог тохуу хийнэ.

Энэ бол ч бүр наад захын хэрэг байв. Зарим хүн Ичикүрогийн учирлахыг сонсоод,

-Ямар муухай луйварчин бэ? Ёстой л зүүний сүвэгчээр тэнгэр харж баясна гэгч л болох нь л дээ. Ихээхэн мөнгө олох санаатай нөхөр байна, хөөе. Бас их зальтай этгээд байх нь ээ, хэмээн элдэв муу үгээр ярилцацгаана.

Ичикүро тариачдыг сар шахам ятгаад бүтсэнгүй. Тэгээд цөхрөнгөө барж, тэрхүү нүсэр ажилд ганцаараа орохоор сэтгэл шулууджээ.

Лантуу, хасуур барьсан Ичикүро асар том хадан цохионы хормойд зогсох нь шог зураг л гэлтэй. Голын усыг тохойрон хавчсан аварга хадыг хүн нүхлэх гэж байна. Тэр нь галт уулын харьцангуй зөөлөн чулуу хэдий ч тийм их ажлыг Ичикүро ганцаараа зөвхөн өөрийнхөө хүчинд найдан хийх гэж шийдсэн юм.

-Энэ хүн ч солиорч гүйцжээ, гэж хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө даажигнана.

Гэвч Ичикүро шантарсангүй. Ямакүни голын тунгалаг усанд орж, өөрийгөө нигүүлсэлийн охин тэнгэрт даатгаад, шууд ажлаа эхэлж хамаг хүчээрээ хадан цохиог лантуудахад аварга хадан цохионоос дөнгөж өчүүхэн хэсэг л эмтэрчээ. Ичикүро огтхон ч гутраагүй бөгөөд хүчээ шавхан дахин дахин балбана. Өлсөж ядарсанд ойр хавиасаа бадар барьж гэдэс гараад, дахиад л лантуугаа барин авч хадан цохиог нүдэж эхэлнэ. Хүч тэнхээ нь барагдахаар Шингон хэмээх залбирал гингэнэн унших ба сэтгэлийн хатуужил нь эргэн ирнэ. Тийнхүү амрахыг үл мэдэн хоёр гурван өдөр ажиллажээ. Хажуугаар нь өнгөрөх аянчид доог тохуу хийх боловч Ичикүро нэг ч хором зогсохгүй хөдөлмөрлөж лантуугаа улам ч чанга атган шамдан ажиллана.

Ичикүро бороо шорооноос толгой хоргодох овоохой барьж суужээ. Голын усанд оддын дүрс анивчин туссаар байх үүрийн цүүрээс зөвхөн ус цалгихаас өөр чимээгүй, хамаг амьд амьтан нойрссон шөнө дөл болтол эцэж ядрахыг үл анзааран хадан цохиог балбана.

Хүмүүс шоолж даажигнахаа зогссонгүй.

-Балай амьтан. Юу горьдож байгаа юм бол, гэлцэнэ. Ичикүрогийн эхэлсэн хэзээ нэгтээ дуусна гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Харин Ичикүро хад нүдэх болгондоо л, ажилдаа сэтгэлээ шингээж байв. Ажиллах зуураа зовлонгоо мартаж, хүний амьдрал бусниулсандаа гэмшин шаналахаа больж, хойт насанд минь диваажинд төрүүлээч гэж залбирахаа ч больжээ. Ичикүро одоо буянтай үйл бүтээе, гэсэн цорын ганц ариун эрмэлзэлээр амьдарч байлаа. Сахил санваар хүртсэнээс хойш бие сэтгэлийг нь тарчлаан шөнө унтуулахгүй зовоосон бузар дурсамжууд тамлах нь арай намдсан бололтой. Чин зоригт хөтлөгдсөн Ичикүро биеэ ажилдаа бүрэн зориулан цохиог шургуу балбана.

Шинэ он гарч, хавар зуны улирал өнгөрөв. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Ичикүро нэг жёо гүн их нүх гаргасан нь ялимгүй зүйл боловч хүслэ зоригийнх нь биелэл болжээ. Гэвч нутгийн улс элэг доог хийхээ зогссонгүй.

-Хараач! Энэ солиотой лам бүтэн жил малтаад юу ч хийсэнгүй шив дээ, гэлцэнэ. Харин Ичикүро хөдөлмөрийнхөө үр дүнг хараад баярын нулимс унагана. Ухаж малтсан хонгил нь хэдийгээр өчүүхэн ч гэсэн буян үйлдэх эрмэлзэлийнх нь бодит биелэл юм.

Дахиад л нэг жил өнгөрлөө. Ичикүро бүр л хүч гарган ажиллаж, пар харанхуй шөнө ч зогсолтгүй хөдөлмөрлөх болов. Агуйд өдөр ч харанхуй байх бөгөөд тувт сууж хөдөлмөрлөх хэрэг гарна. Итгэл найдвар дүүрэн хамаг амьдралаа шингээн ажиллаж, баруун гараа далайн хад чулууг лантуугаараа улайран нүдэх ажээ. Нар мандаж, сар гийн, бороо асгаран шороо шуурч байвч агуйд лантуу балбах чимээ үл тасарна.

Ичикүрогийн ажлаа эхэлсний хоёр дахь жилийн эцсээр хүмүүс дооглож элэглэсээр байсан боловч доог тохуугаа ил гаргахаа болиод далдуур инээдэг болов.

Бас нэг он улирахад лантууны цохилт Ямакүни голын усны цалгиа мэт тасралтгүй сонсогдсоор байжээ. Тариачид ч олон юм ярьж тавлахаа больж, элэг доог нь гайхшралаар аяндаа солигдов.

Ичикүро сахал самбайдаа дарагдан урт үс мөрийг нь бүрхэн, хир буртагтаа баригдав. Тэрбээр хүн төрхөө улам бүр алдан, ухсан нүхэндээ адгуус амьтан мэт мөлхөн хад чулууг ухаан солиотой хүн шиг лантуугаар нүднэ.

Орчны хүмүүс гайхан хачирхахын хажуугаар аажим аажмаар түүнийг өрөвдөх болсон байна. Урьд нь Ичикүро бадар барихаар ажлаа түр орхин явдаг байсан бол одоо хүмүүс агуйн амсар дээр аягатай идэх юм тавьдаг болов. Ичикүро ийш тийшээ яваад байх шаардлагагүй болсонд тэр хэмнэсэн цагаа ажилдаа зориулна.

Дөрөв дэх жилийн эцэс гэхэд агуйн гүн бүр таван чёо хүрчээ. Гэвч бас болоогүй, цохионы голч гурван чёо гаруй билээ.

Ичикүро ийнхүү шургуу ажиллаж байсанд тариачид яггүй гайхах атлаа нэг ч хүн тусалъя гэж бодсонгүй. Харин яаж ч чармайгаад бүтэхгүй дэмий юм хийж байгаа нь илэрхий мэт санагдана. Ичикүро ганцаараа ажилласаар. Лантуунаас бусад бүх зүйлийг огоорон, хамаг ухаан санаагаа ажилдаа зориулан, амьд яваа насандаа боломжоороо л уртхан нүх амжиж ухах гэж л санааширдаг сохор номин шиг л ажиллан, ер бусын хүч чармайлт гарган урагш ахисаар байлаа.

Хавар... Намар... жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож байгаль дэлхий цагаан өмсгөлөө нөмрөн дахин тайлж, дэлхий сэргэнэ. Харин агуйгаас дуулдах лантууны чимээ л огт өөрчлөгдсөнгүй.

Ажил хэичнээн удаан ахиж байгааг хараад, хүмүүс Ичикүрог өрөвдөнө.

-Хөөрхий лам, ингэж хад цохио нүхлэж байгааг бодоход ухаан санаа нь эрүүл биш дэг ээ. Насныхаа эцэст эхэлсэн ажлынхаа аравны нэгийг ч барахгүй л дээ, гэлцэх болов.

Он жил улиран одсоор. Арав дахь жилийн нүүр үзэхэд агуйн урт хорин кэн хүрсэн байв. Ичикүрогийн эхэлсэн ажлыг найдваргүй юм биш гэдгийг хүмүүс эцсийн эцэст ойлгох шиг болжээ. Энэ хатингар ядуу лам арван жилийн дотор ганцаараа өчнөөн гүн нүх ухчихаж байгаа юм чинь олон хүн хүч нийлүүлбэл хэдхэн жил болоход цохио хадыг цоолж болох юм гэсэн итгэл баттай төрсөн бололтой. Есөн жилийн өмнө Ичикүро хонгил барихад тусламж үзүүлээч гэж гуйхад тэр хавийн долоон тосгоныхон нэгэн дуугаар татгалзсан билээ. Гэтэл одоо тэд өөрсдөө санаачлан мөнгө цуглуулж, Ичикүрод туслахаар хэдэн чулуучин хөлсөлжээ. Ичикүро одоо ганцаараа биш болж, түүний лантуутай зэрэгцэн олон лантууны жигд, хүчтэй цохилт агуйгаас дуулдах болов.

Хойтон жил нь тариачид ажил хэр ахисныг үзвэл замын дөрөвний нэгд ч хүрээгүй байжээ.

-За тэр, олон хүн ажиллаад ч нэмэр алга. Биднийг мэхэлжээ. Шал дэмий мөнгө үрлээ хэмээн тариачид гасалж дахиад л итгэл алдарч эхлэв.

Төдөлгүй тариачид тэр ажилд сүжиггүй болж, Ичикүро ч туслах хүнгүй болов. Үнэхээр ч нэг чулуучин ажлаа хаян явахад нөгөө нэг нь барьцсаар эцэс сүүлдээ Ичикүро ганцаар үлдсэн билээ. Харин тэрбээр хэнийг нь ч “үлдээч” гэж гуйгаагүй бөгөөд үг яриа ч үл гарган нүхээ ухсаар л байжээ.

Нутгийн хүн ард Ичикүрог ч дурсахаа больжээ. Цохионы гүн рүү орох тусам лантуугаа дээш далайн хад чулуу тасралтгүй балбах тэр эрийг олж харах ч аргагүй болов. Хааяа хэн нэгэн тариачин “манай лам ажилласаар л байна уу” гэж харахаар агуйн амсраар өнгийдөг байжээ. Удалгүй тэгж харах хүн ч үгүй болж, Ичикүрогийн дүр төрх хүмүүсийн санаанаас аяндаа ариллаа. Тэдний хувьд Ичикүро үгүй болж, Ичикүрогийн хувьд хүмүүс ч үгүй болжээ. Ичикүрогийн хвьд энэ ертөнцөд цорын ганц зүйл оршиж байсан нь энэ аварга цохио юм. Ичикүро арав гаруй жил хад малтсан ба байнгын харанхуй үргэлж хүйтэн чулуун дээр суусаар царай нь саарал өнгөтэй болж, нүд нь хонхойн, нэг үгээр хэлбэл, хүн биш амьд сүг болсон байна. Ганц чин хүслээс өөр юуг ч мөрөөдөөгүй бөгөөд энэ мөрөөдөл нь баатарлаг зүрхэнд нь бөхөшгүй дөл болон асч, түүнийг “урагшаа” хэмээн зоригжуулж байв. “Байлдан” ахиулсан сөөм газар бүхэн түүнд хязгааргүй баяр баясгалан авчирч, урагш нэг алхам ахих бүр цээжний гүнээс хөөрөн дуу алдана.

Ичикүро дахиад гурван жил ганцаараа ухсаар л. Хүмүүс түүнийг гэнэт санаж, ердөө л соиуч зангийн үүднээс ухсан агуйн гүнийг хэмжихээр шийдэв. Жаран таван кэн болжээ. Гол руу орсон гангын урт нийт замын гуравны нэгт хүрчээ. Ичикүро ганцаараа эцэнхий гараараа хичнээн урт нүхийг гаргаа вэ?

Тариачид дахин гайхан шагширч, ичиж зовохын хамт тэр хүнийг гүнээ хүндэтгэх сэтгэл төрөв. Төдөлгүй Ичикүрогийн лантуутай зэрэгцэн хэдэн арван чулуучны лантуу хад чулууг нүдэж эхэллээ.

Хүмүүс байсан ч байгаагүй ч Ичикүрогийн лантуу хад чулууг галзуу юм шиг бутална. Ичикүро биеэ хөвчлөн лантуугаа огцом далайж хамаг хүчээ хуримтлуулан чулуун дээр буулган эцэж цуцахыг мэдэхгүй ажиллана. Ичикүро бүхнийг өөрөө энэ мөнх бус хорвоод амьдардаг хүн гэдгээ ч умартжээ. Урьдын амьдрал, эзнээ алсан, дээрэм тонуул хийж явсан, хүний амь бусниулсан зэрэг дурсамж ой тойноос нь алга болов.

Он жил улиран өнгөрсөөр. Зүдэргээтэй хүнд ажилд Ичикүрогийн гар төмөр мэт хатуу чийрэг болов. Ичикүро ажлаа эхэлснээс хойш арван найман жил шувтрах үе хадан цохионы тэн хагасыг ухчихсан байлаа. Энэхүү гайхалтай үр дүнг нутгийн ард түмэн хараад мэл гайхаж цэл хөхрөв. Ичикүрогийн сэдсэн ажлын амжилтанд эргэлзэхээ болив. Хоёр ч удаа эхэлсэн ажлаасаа шантарч ухасрсан нь тун чиг ичгүүртэй байжээ. Тэдний хувьд, долоон тосгон нэгдэн Ичикүрод дахин туслаж эхлэв.

Тэр жил Накацү овгийн хошуу захирагч тэр хавийн газраар явж үзээд, Ичикүрог магтан соёрхож өөрийн тойргийн суурингаас гучин чулуучин гаргаж, Ичикүрод туслуулахаар явуулжээ. Ажил ч тэдний гарт хуурай навч шатахтай адил хурдан нугарч эхлэв. Тамирдаж ядарсан Ичикүрод “та чулуучдыг удирдаж ажиллуул. Таны хүч барагдсан байна шүү дээ” гэсэнд Ичикүро тэр үгийг огт халгаасангүй. Гучин хүн мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгааг мэдээгүй юм шиг улайран ажилласаар байв.

Хүмүүс Ичикүрог амрах хэрэгтэй гэж бодож байсан нь үндэсгүй зүйл биш байв. Агуйн гүнд бараг хорин жил суугаагаараа ажилласан учраас хөл нь өвдөж шархиран чөлөөтэй нугарч чадахгүй болжээ. Юм тулалгүй хоёр гурав ч алхаж чадахгүй болов. Мөн харанхуйд удаан байсны дээр нүдэнд нь байн байн чулууны үртэс ордог байснаас болж сохор номин мэт гэрэл ялгахгүй, юмны дүрсийг арайхийж ялгадаг болсон байна. Эцэстээ, төмөр биетэй Ичикүрог хүртэл нас дарж хүч тэнхээ нь доройтов. Амьд явахыг нэг их хүсэхгүй ч ажлаа дуусгалгүй үхнэ гэдэг түүнд даанч харамсалтай байлаа. Одоо ганц хоёрхон жил л тэсчих юмсан гэж зүрх нь халаглавч харин бие нь хөгширч буйгаа мартахын тулд ажилд зүтгэнэ.

Ичикүрогийн замыг хаан сүндэрлэх хадан цохио, жавхлант биедээ халдахыг үл тэвчигч байгалийн хүчийг үзүүлсэн энэхүү цохиог ядуу өвгөн ламын төмөр мэт зүрх зориг нэвт цоолжээ.

Хадан цохионы хэвлийд гарч буй энэ зам хонгил амьд амьтан мэт урагш ахисаар байлаа.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

БУРХНЫ НҮД

Зургаан зүйл хамаг амьтан
Үйлийн үрээр сансарын хүлгэнээ хүлэгдсээр байна
Үйлийн үрээс гэтэлгэх замыг хүн та өөрөө л...
Нүүр хуудас





:-)
 
xaax