Өөрийгөө ялан дийлэх хүчийг бурхан минь надад өгөөч

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (Төгсгөл хэсэг)

Бичсэн: Зохиол

Ажлын шувтарга ойртох тусам хүч хүрэмгүй бэрх хөдөлмөр Ичикүрогийн эрүүл мэндийг улам бүр сүйтгэж байлаа. Гэвч өвчнөөс илүү аюултай нэг дайсан байлаа.

Сабүробэ өөрийн зарц Ичикүрогийн гарт амь үрэгдсэн тул үр удам нь харъяат ноён байх найдвар тасарч, улмаар Накагавагийн удам мартагдах тийш ханджээ. Харин Сабүробэгийн гурван настай Жицүносүкэ хүүг хамаатан садан нь үрчлэн авсан юмсанж. Арван гурван нас хүрээд эцгийнхээ хэрхэн амь үрэгдсэнийг тодорхой мэдсэн Жицүносүкэ эцгийг нь алсан хүн нэг зиндааных нь самурай биш харин тэднийд амь зууж байсан нэг муу зарц байсныг дуулаад залуу хөвгүүний зүрхэнд үзэн ядахын хилэн буцалж, сэтгэлийнхээ гүнд эцгийнхээ өшөөг авахаар санаа шулууджээ. Жицүносүкэ уд модны төгөл дотор тогтмол хичээнгүйлэн сургуулилж, сэлэм эзэмших эрдэм заалгаад арван есөн насандаа “сэлмийн урлагийнг бүрэн эзэмшсэн” гэсэн гэрчилгээ хүртэл авч, өс авах үүргээ биелүүлэхээр баяр хөөртэй морджээ. Эл үүргээ амжилттай биелүүлбэл өрх гэрийнхээ нэр төрийг сэргээхэд чинь туслана хэмээн төрөл төрөгсөд нь ч ам алдан түүнийг үдсэн байна.

Жицүносүкэ дайснаа эрэн өдий төдий газрыг хөндлөн гулд туулан явахдаа багагүй бэрхшээлтэй тулгарч байж. Жицүносүкэ Ичикүрогийн барааг насандаа ч хараагүй, ер нь тэгээд эрэл найдлагагүй шахам байсныг бухланд хаясан зүүг эрж олохтой зүйрлэж болохоор байв. Кинай, Тоокай, Тоосан, Санъин, Санъёо, Хокүрикү, Нанкай гээд Хоншюү арлын бүхий л нутаг хошуудаар хэдэн жил бядан хэсэв_ ингэж бүтэлгүй эрсээр хорин долоон настайгаа золгожээ. Гачигдал зовлон амсан хэсүүчлэхдээ заримдаа Ичикүрог зүхэж заримдаа жигшихээ больсон юм шиг санагдана. Гэвч эцгийнхээ нэр төргүй үхлийг санан дурсаж Накагавагийн удмыг сэргээх үүрэгтэйгээ санаад ирэхээр өс хонзон авах хүсэл нь дахин бадрана.

Жицүносүкэ Эдогоос гарсаар даруй есөн жил өнгөрчээ. Тэр жилийнхээ хавар Фүкүока цайзад хүрэв. Төв хэсгээр эрээд эрээд Ичикүрог олж чадаагүй тул Кюүшюү арлын гүн руу очихоор шийджээ. Хоёр дахь сарын эхээр Фүкүокагаас Накацүд ирж нандин хүслээ шалавхан биелүүлэхэд минь туслаач хэмээн мөргөн гуйхаар Үсахачимангү сүмд очжээ. Сүмийн хашаанд цайны газарт амрахаар ороод сууж байтал хажууд нь сууж байсан тариачин бололтой нэгэн эр мөргөлчинд:

-Тэр лам дээр үед Эдогоос ирсэн юм гэсэн. Залуудаа хүн алчихаад нүглээ наминчлахын тулд их буян хийе гэж шийдсэн юм гэнэ лээ. Тэгээд л Хида уулыг бараг ганцаараа нүхэлж байгаа юм даа, гэх яриа чихийг нь дэлсчээ.

Тэр яриаг сонсоод, Жицүносүкэ сүүлийн есөн жил үзээгүйгээр их догдолж:

-Өршөөгөөрэй, танаас нэг зүйл лавлая. Тэр лам хэдэн настай вэ? гэж тэсгэлгүй асуув.

Яриаг нь самурай анхааран болгоосонд маадайсан тариачин:

-Би өөрөө хараагүй нь харамсалтай. Жараад настай гэлцдэг юм.

-Өндөр хүн үү?

-Мэдэхгүй юм. Тэр хүн агуйн гүнд байдаг болохоор мэдэх арга үгүй

-Жинхэнэ нэр нь хэн бол? Та мэдэх үү?

-Бас л мэдэхгүй дээ. Эчиго хошууны Кашивазаки овгийн хүн, залуудаа Эдод очсон гэсэн.

Үүнийг сонсмогц Жицүносүкэ баярлан хөөрөв. Эрэлд мордохынх нь өмнө дайсан нь Эчигогийн Кашивазаки суурингийн хүн, тэнд нуугдаж байж магадгүй гэж хамаатных нь нэг хүн хэлж, Эчигод сайн эрж сураарай гэж захиж байсныг санажээ.

“Мөн л байх даа. Үсахачимангүгийн бурхан миний залбирлыг сонссон болж таарах нь ээ” гэж бодно.

Баярлаж хөөрсөн Жицүносүкэ өвгөн ламын нэрийг асууж, Ямакүни хөндий орох замыг заалгаж аваад алсын замд гарахад нь өдрийн хоёр цаг болчихсоныг ч үл хайхран дайснаа зорин галзуу юм шиг л давхисаар оройн есөн цагийн алдад Хида тосгонд хүрэв. Шууд агуйд очъё гэсэн бодлоо орхиж, тайван байсан нь дээр гэж шийджээ. Дэн буудалд шөнийг сэтгэл дэнслэн өнгөрөөж, өглөө эртлэн босч тулалдахад эвтэйг бодон хөнгөн хувцаслаад нөгөө хадан цохио руу явав.

Чулууны хэлтэрхий зөөн гаргаж байгаа нэг хүн агуйн амсарт тааралдаад:

-Энд Рёокай гэгч даяанч лам байх ёстой. Тийм хүн бий юу? Гэж асуухад,

-Байхгүй хаачих вэ дээ. Хүндэт Рёокай гуай энэ агуйн нэг ёсны эзэн нь юм шүү дээ гэж чулуучин инээмсэглэн хариулав

-Агуй ганцхан л орцтой юу? гэж Жицүносүкэ асуугаад, “Рёокай зугтаачих болов уу” гэж боджээ.

-Тиймээ. Тэгэлгүй яахав дээ, ганцхан орцтой. Тэгээд л гарах нүх хийх гэж Рёокай гуай ингэж тамаа цайж байгаа юм шүү дээ.

Эцсийн мөчид өчнөөн жил хайсан атаат дайснаа олсондоо Жицүносүкэ учиргүй ихээр баярлажээ. Ичикүро энэ хавханд орсон хулгана шиг байна. “Хөндлөнгийн хүн байвал байж л байг. Нэг их төвөг болохгүй биз” хэмээн залуу самурай өөрийгөө зоригжуулна.

-Би чамаас нэг өчүүхэн зүйл хүсье. Рёокай гуай дээр очоод алс холоос зориод хүн ирсэн байна. Уулзъя гэж байна, гээд хэлээдхэ.

Чулуучин агуйд орж бараа нь тасрахад Жицүносүкэ илдэээ ишинд нь бат суулгах гэж шөргөө норгов. Дайснаа ямаршуухан хүн болохыг төсөөлөх гэж оролдоно. Анх удаа нүүр учрах гэж байна шүү дээ. “Рёокайг тавь гарсан байх гэх боловч нэгэнт ийм лут ажил удирдаж байгаа хойно сүрхий чийрэг хүн биз. Бас залуудаа зэвсэг яггүй сайн эзэмшсэн гэх тул хянуур байх юм шүү” гэж бодно.

Гэтэл Жицүносүкэ юу харав аа? Агуйгаас хувцасны тамтаг нөмөрсөн нэг лам гарч ирсэн үнэндээ яаж ч чадахгүй, бах мэт мөлхсөн хүн байлаа. Хүн гэхэд бэрх, араг яс ажээ. Тэрхүү яс арьс болсон хүний шилбэ яр шарханд баригдсаныг хараад Жицүносүкэ өөрийн эрхгүй нүд хальтарна. Өвгөний нооронхой хувцас лам хүн гэдгийг илтгэх боловч үрчлээтэй духыг нь өтгөн сэгсгэр үс унжин бүрхжээ. Өвгөн лам галгүй нүдээ анивчин Жицүносүкэг ажиглаад:

-Миний нүд муудсан болохоор таныг танихгүй л байна шүү, гэв.

Энэ өвгөнийг хараад Жицүносүкэ эргэлзэж эхлэв. Угийн харах царайнаасаа л учиргүй их зэвүүцэл төрүүлэм өөдгүй этгээдтэй учирна гэж сэтгэлийнхээ гүнд итгэж явтал хүн гэхэд хэцүү үхэх дөхсөн хөгшин хүн өмнө нь сөхрөн сууна. Жицүносүкэ аргаа барж, няцахад бэлэн байгаа ч шийдвэрээсээ ухрахгүйг хичээнэ.

-Рёокай гэж та юу?

-Тиймээ. Би байна. Харин та хэнсэн билээ гээд өвгөн лам залуу самурайг гайхан ширтэнэ.

-Тэгэхээр Рёокай гэгч та болох нь ээ. Санваартны хувцас өмссөн ч гэсэн намайг мартах учиргүйсэн. Та залуудаа Ичикүро гэдэг нэртэй байсан. Та эзнээ, Накагава Сабүробэг алчихаад зугтаж, зүс буруулсан. Би Сабүробэгийн хүү Жицүносүкэ байна. Чи хаашаа ч зайлж чадахгүй. Бэлтгээрэй, гэж өгүүлэхдээ өвгөнийг өрөвдөж буйгаа мэдэгдэхгүйн туулд аймшиггүй ярихыг мэрийв.

Ичикүро яриаг нь тайван сонсоод:

-Жицүносүкэ гуай, та Накагава гуайн хүү юм уу? Үнэхээр таны эцгийн алаад нуугдсан хүн би биеэрээ байна, гэв. Ийн өгүүлэхдээ өвгөн лам эзнийхээ хүүтэй уулзсандаа баярлаж, өс хонзон авах аюул заналхийлж буй гэмт хэрэгтэн гэж өөрийгөө огт үзэхгүй байгаа юм шиг л ярих ажээ.

Энэ өвгөн өөрийг нь хөөрхөн дөнгөчих санаатай байна, гэж Жицүносүкэ бодож байв.

-Эцгийг минь алсан этгээдийн толгойг аюах гэж би зовлон зүдгүүрийг туулан арван жилийн турш чамайг хайлаа. Эцсийн эцэст бид учрах шив дээ. Тэгэхээр одоо жам ёсоор хоёул шударгаар үзэлцье.

Ичикүро сандарч тэвдсэнгүй. “Амьдралаа бүхэлд нь зориулсан ажлынхаа төгсгөлийг үзэхгүй үхвэл харамсалтай л юм. Уг нь ажил дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн дээ. Гэвч цээрлэлийн цаг иржээ” гэж бодно. Ичикүро үхэхэд бэлэн байлаа.

-Эрхэм Жицүносүкэ! Намайг алахтун! Өөдгүй муу Рёокай нүглээ наминчлахын утлд хад цохио нүхлэн хонгил гаргаж байгааг та дуулсан нь лавтай. Би энэ ажилдаа амьдралынхаа арван есөн жилийг зориулж, одоо ажлын маань зөвхөн аравны нэг хэсэг нь үлдээд байна. Таны гарт үхэхээр энэ хонгил гаргах ажлыг бүтэмжтэй дуусгахын тулд миний биеэр тахил өргөөрэй гэж л танаас гуйя. Миний цорын ганц хүсэл гэвэл энэ л байна, гэж Ичикүро муудсан нүдээ анивчин байж өгүүлжээ.

Нүглээ гэмшин бие сэтгэлээрээ зовон тарчилж буй сайхь лам Жицүносүкэ өөрийгөө танилцуулсан тэр мөчид амьнаасаа хагацахад бэлэн байжээ. Дайснаа үзэн ядах сэтгэл нь ул мөргүй алга болохыг залуу самурай мэдэрч байлаа. Энэхүү үхсэн амьдын хооронд байгаа өвгөнийг албал өс хонзонгоо авсан хэрэг болж чадах уу даа, гэсэн эргэлзээнд Жицүносүкэ автсан боловч өч төчнөөн жилээр хэсүүчилчихээд зорилгоосоо няцаж Эдод буцаж очвол утга учиргүй хэрэг болохсон. Түүнээс гадна, өрх гэрийнхээ нэр төрийг сэргээх санаагаа орхино гэсэн хэрэг байлаа. өс хонзонгийн биш юм аа гэхэд хариугаа авч, энэ хүний амийг таслах хэрэгтэй гэж Жицүносүкэ бодно. Гэтэл тэгтлээ үзэн ядаагүй мөртлөө заавал хариугаа авна гээд хүн ална гэдэг бол юутай болчимгүй, жигшүүртэй зүйл болох вэ? тэгэхээр өөдөөс нь үл эсэргүүцэгч энэхүү дайснаа зэвүүцэх сэтгэлээ сэргээж, энэ этгээдийг алах ёстой.

Гэвч тэр хооронд хэрэг бишдэх нь гэж хар авсан чулуучид агуйгаас гарч ирцгээн, өвгөнийг хүрээлэн хааж, Жицүносүкэг зэмлэн:

-Та энэ хүнээс юу хүсээ вэ? гэж асуув.

Ажилчдын царайд Ичикүрог хамгаалахад бэлэн, шийдмэг байдал тодорно.

-Энэ хүний амийг авах ултай шалтгаан надад байна. Би удаан хайж ирсний эцэст энэ этгээдийг оллоо. Өнөөдөр миний ариун хүсэл биелэх болно. Надад саад болоогүй нь дээр шүү, та нар. Хөндлөнгийн улс надад хамаагүй, гэж Жицүносүкэ шазруунаар өгүүлжээ.

Бас хэд хэдэн ажилчин нэмэгдэж, тэр хавиар явж байсан жлс чцуглав. Тэд Жицүносүкэ тойрч бүчээд, Ичикүрод гар хүрэх аргагүй болгожээ.

-Ална, алахгүй гэж хар бор бидний тухай ярьж болох л юм. Харин Рёокай гуай сахил санваар хүртсэн лам хүн гэдгийг та нүдээрээ харж байгаа биз. Ямакүни хөндийн долоон тосгоны хүн ард бид Рёокай гуайг энэ хорвоод эргэж заларсан Бодиства мэт ихэд дээдлэн хүндэтгэдэг билээ, гэж хүмүүс сэтгэл догдлон өгүүлнэ. Зарим хүн өвгөнийг ална гэдэг бол доромжлол, биелэгдэшгүй мөрөөдөл гэж ч хэлж байлаа.

Ламыг ийнхүү хамгаалахыг хараад, Жицүносүкэгийн уур хорсол шатав. Биеэ тоосон нэрэлхүү зангийн улмаас Жицүносүкэ зүгээр явчихаж чадсангүй.

-Сахил санваар хүртсэнийг харж л байна л даа. Гэхдээ энэ хүн бол эзэн ноёноо алж хороосон хүн. Гэм хийсэн нүгэл нь арилшгүй. Алагдсан эцгийнхээ өшөөг авахад минь саад хийсэн этгээдийг би өрөөхгүй шүү, гэж хэлээд мань хүн илдээ сугалан гаргаж ирэв.

Эргэн тойрны хүмүүс хариу бэлтгэж эхэлтэл Ичикүро сөөнгө дуугаар:

-Хүмүүс ээ! Уур хилэнгээ дарцгаа! Намайг алах ёстой гэдгийг би сайн мэдэж байна. Нүгэл хилэнцээ наминчлахын тулд би энэ цохиог нүхлэн зам гаргах гэсэн билээ. Миний эцсийн хүсэлт бол миний бие эцгийнхээ дурсгалыг хүндэтгэн хайрладаг хүний гарт ёсоороо үхэх байна. Та бүхэн саад хийх хэрэггүй гэлээ.

Ийн өгүүлээд Ичикүро Жицүносүкэ рүү дөхөн очив.

Ичикүрогийн хэлснээрээ зүтгэдэг занг нь андахаа байсан тариачид энэ хүнийг хориглоод хэрэггүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ мөчид чулуучдын ахлагч олны дундаас гарч ирэн, Жицүносүкэгийн өмнө очоод:

-Эрхэм ээ! Рёокай гуай бараг хорин жил энэ хадан цохиог нүхэлж аугаа их тангарагтаа эзэн болохын тулд бие сэтгэлээ үл хайхран зүтгэж байгааг танд сонсох завшаан тохиолдсон биз. Урьд үйлдсэн нүгэл нь хичнээн их байлаа ч гэсэн амьдралаа зориулсан хэргийг дуусгаж чадахгүй бол туйлын их харамсах нь мэдээж билээ. Энд цугласан хүмүүс танаас нэг зүйл гуйж байна. Хонгил дуустал Рёокай гуайг амьд байлгаач, бидэнд итгэ. Харин хонгилоо барьж дуусмагц та тааллаараа болохтун, гэжээ.

-Зүйтэй, зүйтэй гэу бүгдээрээ ам амандаа шуугицгаана.

Байдал төлөвийг ажиглаад, уг хүсэлтээс татгалзах аргагүй гэдгийг Жицүносүкэ ойлгожээ. “Одоо энд алчихвал хүмүүс саад хийж магадгүй. Тэгвэл би нэр төрөө л гутаах болно. Тэгэхээр ажлаа дуусгахыг нь хүлээсэн минь дээр. Ичикүро өөрөө одоо “намайг алаач” гэж гуйж байгаа хүн. Өртэй гэдгээ мартахгүй хожим өөрөө миний илдэнд толгойгоо тавьж өгөхөөс зайлахгүй. Гэвч хэргийн учир зөвхөн үүнд байгаа юм биш. Ам тангарагаа хэрэгжүүлэх боломж дайсандаа олгож өршөөвөл миний нэрд ч муугүй юм болно” гэж Жицүносүкэ боджээ. Жицүносүкэ, Ичикүро болон бусдыг ээлжлэн хараад:

-Рёокайн сахил санваарыг хүндэтгэн та бүхний хүслээр болъё. Гэвч би үгнээсээ буцахгүй, гэж хашгирав.

-Санаа бүү зов. Хадан цхоионы нөгөө талд өчүүхэн төдий л нүх гармагц та Рёокай гуайгаас өшөөгөө аваарай. Тэр болтол манай энд бай л даа, гэж ахлах чулуучин нухацтай нь аргагүй өгүүлэв.

Мөргөлдөөн тэгсгээд шувтарсанд Ичикүро дэмий алдсан цагаа нөхнө гэсэн мэт агуйн гүн рүү яаран орлоо.

Хамгийн чухал мөчид саад тотгор учирсанд Жицүносүкэ ихэд уурсана. Уур хилэнгээ даран байж нэг чулуучныг даган суух байр руугаа явлаа. Тэгж их зовж олсон дайсантайгаа зөрж зүтгэж байгаад тооцоогоо хийчих минь ч яав даа, хэмээн ганцаараа үлдсэн хойноо биеэ зэмлэж эхлэв. Гэнэт тэсвэр алдаж, хонгил дуустал хүлээнэ гэж амласан ууч сэтгэл нь ор мөргүй арилжээ. “Ерөөсөө шөнө дөлөөр агуйд орж, Ичикүрог алчихаад зугтъя” гэж залуу самурай хатуу шийдэв.

Гэвч Жицүносүкэ Ичикүрог отож харуулдаж байхад тариачид Жицүносүкэгээс хараа салгахгүй байв.

Эхний хэд хоног Жицүносүкэ хийх юмгүй өнгөрөөв. Зургаа дахь хоногийн шөнө хоёр цагийн орчимд ажилдаа тамирдаж нойр алдсанаас ядарсан чулуучид бөх унтаж орхижээ. “За, өнөө шөнө л алж орхиё” хэмээн Жицүносүкэ сэтгэл шулуудан босч, дэрэн доороосоо илдээ аваад сэмхэн гарав.

Усны ойлд хөөсрөн цутгах Ямакүни голын усыг хаврын тэнгэрт мэлтийх саран хөхөлбөр туяагаараа гийгүүлнэ. Гэвч Жицүносүкэ юуг ч эс ажиглан агуйн зүг гэтнэ. Агуйн амаар овойлсон чулууны хэлтэрхий гишгэх бүрт хөлийг нь өвдтөл хатгах ажээ.

Харанхуй агуйн амаар орж ирсэн бүүдгэр гэрэлд Жицүносүкэ баруун гараараа агуйн хананаас зуурсаар хоёр чёо хэртэй газар яваад, ямар нэгэн юмны жигд цхоилтыг сонсчээ. Эхлээд Жицүносүкэ юун чимээ болохыг ойлгосонгүй. Урагш ахих тусам нөгөө чимээ тодорч, цуурай нь шөнийн нам гүмийг эвдэх ба тэр бол хад чулуу нүдэх төмөр лантууны чимээ болох нь ойлгомжтой байв. Эл гаслантай бөгөөд аймшигтай дуу чимээ Жицүносүкэгийн зүрхийг шимшрүүлжээ. Цаашлах тусам лантууны хүнд цохилт чангаран цуурайтсаар чих дөжрөм болж, энэхүү нижигнэсэн дуу лам руу аваачихыг мэдсэн Жицүносүкэ цааш мөлхлөө. өвгөнд ойртож очоод илдээ сугалахыг завдтал лантууны цохилтын чөлөөнд хүн яолж гүнгэнэхийг гэнэт сонсчээ. Рёокай залбирал уншиж байлаа. Өвгөний сөөнгө хоолой Жицүносүкэгийн зүрхийг мөсөөр хайраад авах шиг болов. Анир чимээгүй, шөнийн түнэр харанхуйд сөхрөн суугаад лантуу далайх энэ хүний өнчин биеийг тодхон харав. Алхнаас үл салах энэ хүний өнчин биеийг тодхон харав. Алхнаас үл салах энэ өвгөний сэтгэл баярлах, уурлах, гуних, алив бүхнээс ангижирсан, муу санааны үнэр ч үгүй, сайн сайхны төлөө аймшигт зовлон амсаж буй ариун сэтгэлт хүний аминд халдахаар өшөө хорслын илд барин дээрэмчин буюу зэрлэг араатан мэтээр шөнийн харанхуйд дулдуйдан гэтэж буйгаа ойлгоод, Жицүносүкэ цочин давхийжээ.

Агуйг донсолгосон лантууны цохилт, гунигтайяй залбирах өвгөний дуу зүрхийг нь шимшрүүлнэ. Хонгил барьж дуусахыг тууштайгаар хүлээж, хэлсэн үгэндээ эзэн болохоос өөр аргагүй болов. Учиргүй их догдолсон Жицүносүкэ сарны гэрэлд хад чулууг тэмтэчсээр агуйгаас гарав.

Жицүносүкэ хад нүхэлж дуусах мөчийг тэсвэртэй хүлээн цохионы ойролцоох нэгэн овоохойд өдөр хоногийг өнгөрөөх болов. Өвгөн ламыг алж зугтах санаагаа бүрэн орхиж, Рёокай хаашаа ч зайлахгүй гэдэгт бат итгэсэн самурай өгөөмөр сэтгэл гарган цаг хугацааг хүлээнэ.

Жицүносүкэ өдөр хоногийг хийх юмгүй өнгөрөөж байхад чулуучид мөч бүрийг эрхэмлэн хөдөлмөрлөнө. Биеэ үл хайрлах сэтгэл тэдэнд Рёокайгаас халдсан байлаа.

Ажилчид Жицүносүкэтэй эелдэг харьцана. Гэвч “эрхэм самурай өнөөдөр юу хийх вэ?” гэж асуух бүрд ямар ч хэрэггүй цаг өнгөрөөж байгаагаа ухаарах болжээ. Тэгтэл оргилуун сэтгэлээр ажиллах хүмүүсийн дунд ганцаархнаа ямар ч зорилгогүй цаг хороож байгаадаа сэтгэл зовох нь ч ихсэж, дэмий суусан хоёр сарын дараа “ингэж хоосон хүлээснээс хонгил ухах ажилд оролцвол ажил хурдан дуусахад нэмэр болох бус уу. Тэгээд ч өшөө авах хугацаа маань ч ойртоно” гэж гэнэт бодоод ьэр өдрөө чулуучидтай хамт хадан цохиог нүхлэх ажилд гарчээ.

Тийнхүү хоёр дайсан мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боллоо. Жицүносүкэ нандин хүслээ биелүүлэх өдрийг ойртуулахын тулд уйгагүй зүтгэнэ. Харин Рёокай ам тангарагаа шалавхан хэрэгжүүлж хожим хэнд ч хэрэггүй амиа хүүгийн үүрэгт үнэнч энэ самурайд өгөхсөн хэмээн Жицүносүкэг ажиллаж эхэлснээс хойш өвгөн лам хадан цохиог улам л эрчимтэй, солиорсон мэт балбах болжээ.

Хоног сар өнгөрөх тусам энэ нүсэр их ажил хичнээн чухал ажил болохыг Жицүносүкэ ойлгож авчээ. Нугаршгүй хатан тэвчээр гарган, хад нүхлэхээр зүтгэж буй дайсныхаа тууштай занг Жицүносүкэ бишрэн гайхлаа.

Чулуучид өдрийн хүнд ажлын дараа унтаж амарч байхад хоёр дайсан амсхийх завгүй зэрэгцэн ажиллах удаа ч байлаа.

Рёокай хад цохиотой үзэлцэх тулалдаанд орсноос хойш хорин нэгэн жил, Жицүносүкэ дайснаа олж уулзсанаас хойш даруй бүтэн хагас жил өнгөрчээ.

Энкёо эриний III он (1746 он) – ны 9 дүгээр сарын 10-ны өдөр. Ажлын өдөр дуусч чулуучид овоохойдоо буцсан байлаа. Рёокай, Жицүносүкэ хоёр л ядарснаа үл хайхран ажилласаар үлдэв. Есөн цагийн орчимд Рёокай лантуугаа хүчтэй далайн цохитол чулуу биш өмхөрсөн модонд хүрэх мэт лантуу барьсан гар нь хаданд шигдэн орох шиг боллоо. Лам цээжний гүнээс дуу алдлаа. Рёокайн бараг сохорсон нүд ч эндүүрэхийн аргагүй байж. Дөнгөж сая гаргасан тэр нүхээр сарны гэрэлд туяарах голын ус тодхон үзэгдэнэ. “Ай хөөрхий!” хэмээн Рёокай байдаг хүчээрээ хашгираад, энэхүү ухаангүй хашгирсан дууны дараа баярлан инээх уйлах дуу агуйгаар нэг хадав.

-Жицүносүкэ гуай, хараач! Өнөө шөнө хорин нэгэн жилийн турш тэмүүлсэн хүсэл минь биеллээ, гээд Рёокай Жицүносүкэгийн гарыг барьж, бяцхан нүхээр үзэгдэх голын усыг заав. Тэрхүү нүхний яг доор нь газар харлана. Эргэлзэх юм байсангүй. Тэр бол Ямакүни голын эрэг даган уруудсан зам байжээ. Хоёр дайсан гараа атгалцан баярын нулимс унагав. Гэтэл Рёокай гэдэргээ ухарч:

-За аа, Жицүносүкэ гуай! Хүлээсэн өдөр ирлээ. Намайг алагтун! Энэ аугаа их баярын мөчид миний амийг тасалбал би хойд насандаа диваажинд төрж магадгүй. За, алаач дээ! Маргааш болохоор чулуучид саад болж магадгүй. Алаач дээ! гэв.

Агуйд өвгөний сөөнгө дуу цуурайтна. Гэвч Жицүносүкэ өвгөний өмнө тэнхээ тасран сөхөрч, хацрыг нь даган нулимс тасралтгүй урсана. Сэтгэлийн угаас баярлан гийсэн Рёокайн үрчлээт царайг хараад ийм хүнийг алж болохгүй гэж боджээ. Энэхүү зовж зүдэрсэн өвгөний гараар бүтсэн гавъяа, гайхамшигийг бахдан бишрэх сэтгэл Жицүносүкэг эзэмдэн авч, сэтгэл зүрхэнд нь үзэн ядах зай завсар үлдсэнгүй. Жицүносүкэ өвгөн лам руу мөлхөж очоод гарыг нь атгав. Баярлаж хөөрсөн өвгөн, залуу хоёр бүхнийг умартан, удтал асгартал уйлцгаажээ.


<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

БУРХНЫ НҮД

Зургаан зүйл хамаг амьтан
Үйлийн үрээр сансарын хүлгэнээ хүлэгдсээр байна
Үйлийн үрээс гэтэлгэх замыг хүн та өөрөө л...
Нүүр хуудас