Өөрийгөө ялан дийлэх хүчийг бурхан минь надад өгөөч

2009-04-15 - Хайр хорслын дэнсэн дээр (2 дугаар хэсэг)

Бичсэн: Зохиол

Ичикүро Оюми хоёр Эдо хотоос гарч, хүн амьтнаас нуугдаж бултан Тоокайдо замаас дайжин, Тоосандо замаар явсаар Киото орохоор шийдэв. Цайны газар, ер нь л хаа сайгүй л шивэгчлэн садарлаж явсан Оюми эзнээ хороосондоо гутарч, гунин, алийгаа алдаж яваа Ичикүрог хараад, “нэгэнт л ийм хэрэг хийсэн хойно урвайж унжийгаад юугаа хийнэ, тайван амгалан бай” хэмээн хорон муу санааг зааж сурган өдөржин үглэсээр. Тэр хоёр Шиншюүгээс Кисо Ябүхара хошууны буудалд ирэх үедээ мөнгө санга юу ч үгүй болжээ. Хоол ундаа олохын төлөөнөө Оюми эрчүүд залуусыг хоргоон, үүнийг нь Ичикүро далимдуулан тэдний мөнгийг дээрэмдэн авах хос дээрэмчдийн бузар ажлыг эрхлэх болцгоов. Ошюүгаас Шиншюү орох зам зуурын буудлуудыг амдан, аян замын хотынхон тариачдын мөнгийг хуурч мэхлэн салгадаг байж. Ичикүро анхандаа Оюмигийн хатгаас заавраар хөдөлдөг байсан бол яваандаа энэ ажилдаа гаршин амтших болж гэнэ. Хотынхон, тариачид ажил хөдөлмөргүй хохь самурай нар мөнөөх дээрэмчдэд нэг их төвөг бололгүй мөнгө төгрөгөө өгчихдөг байв. Оюми дээр ирдэг харчууд залуусын мөнгө төгрөгийг Ичикүро эвтэйхэн салгаад авчихдаг байснаа суулдээ дээрэмдэж эхлэх нь тэр.

Ичикүро Оюми хоёр Шинаногоос Кисо руу явах замд байх Шувуун үүр хэмээх хавцлын бэлд суурьшин, өдөрт нь цайны газар ажиллуулан, шөнөдөө дээрэм тонуулын ажлаа эрхлэх болжээ. Ичикүро энэхүү ажилдаа сэтгэл санааны ямар ч зовлон бэрхшээлийг мэдэрдэггүй байв. Мөнгө хөрөнгөтэй аянчдыг отож байгаад л алж хороогоод, хувцас хөрөнгийг нь аваад, хүүрийг нь сурамгай гэгч нь нууж зайлуулдаг болжээ. Гурав дөрвөн удаагийн ийм үйлдлээр олсон орлогоороо нэг жил амьдарч болдог байв.

Мань хоёр Эдогоос зугтан дайжсанаас хойш даруй гурав дахь хавраа угтах жил байв. Барьцааны албаа өргөхөөр Шёогүний ордныг зорих хойд нутгийн даймёо самурай ноёдын цуваа хоёронтоо ч үргэлжлэн, Кисо нутгийн дэн буудлууд хавь ойрд үзэгдээгүй ихээр бужигнаантай байв. Бас хажуугаар нь Шинано, Эчиго, Эччюү нутгаас Исэ сүмд мөргөл үйлдэхээр цувагчид тасарсангүй. Тэдэн дотор бас Киотогоос Осакаг зорих зугаа цэнгэл эрэгч жуулчид ч олноор байв. Ичикүро “ганц хоёр хүн хороож”, жилийнхээ хүнс хоолыг базаахыг санаална. Кисо нутгаар агар, майлс холилдсон ой шугуйд сакүра модны цэцэгс унан хийсэх яг л тэр өдрүүдийн нэгэнд. Харуй бүрий болох үес нэгэн гэр бүл бололтой залуу бүсгүй хоёр Ичикүрогийн цайны газарт орж иржээ. Шиншюүгийн чинээлэг тариачид бололтой, аян замын зугаа цэнгэлд их л баяр хөөртэй явцгаана. Нөхөр нь нас нь гуч гаруй юу гэмээр, эхнэр нт хорин гурав дөрөвтэй бололтой.

Ичикүро мань хоёрын хувцас хунарыг шинжингээ “энэ жилийн хүнс хөрөнгө маань энэ хоёр юм биздээ” хэмээн бодно.

-Ябүхарагийн буудал хүртэл хэр бол оо?

Залуу цайны газрын өмнө зогсоод, ийн асуунгаа дэрсэн сандаалынхаа үдээсийг засаж уяна. Ичикүрог ам нээж амжаагүй байтал Оюми гал зуухны өрөөнөөс цухуйн:

-Нэг ч холгүй шүү. Энэ давааг л давчихад бараг оччихлоо л гэсэн үг, гэв. Түүний үгийг сонсоод Ичикүро хорон санаат авгай нь аль хэдийнэ өөрт нь аймшигт төлөвлөгөөгөө “хэлээд” байгааг мэдэрлээ.

Ябүхара хүртэл үнэндээ бол хоёр ри гаруй зайтай боловч Оюми ингэж худал хэлсэн нь учиртай байв. Ичикүро түнэр харанхуйд нууц замаар амдан очоод, хүлээн отож байгаад аян гийчдэд халддаг юмсанжээ.

Тэдний энэхүү муухай санааг огт гадарлаагүй аянчид:

-Өө, тэгвэл жаахан цай ууж сууж байгаад хөдөлье, гэцгээв.

Залуу хос ийнхүү эхний урхинд оров. Бүсгүй нь бүрх малгайныхаа улаан бүчийг тайлж, нөхрөө түшин сууна. Тэр хоёр алжаалаа тайлан амарч, хагас цаг орчим болоод мөнгөө төлж, Шувуун үүр хөндийг чиглэн алхацгаалаа. Үдшийн бүрэнхий хөндийг бүрхсээр.

Залуу хосыг бараа тасармагц эхнэрийнхээ дохиог ойлгосон Ичикүро бүсэндээ илдээ зүүн, олзныхоо мөрийг мөшгих анчин лугаа адил нөгөөх хоёрын араас Кисо голын эрэг даган явахад хүнд хэцүү замаар хурдлан гүйлээ.

Ичикүро Ябүхарагийн буудлын өмнөх модод зэрэгцэн ургасан замд ирэхүй хаврын урт өдөр харуй бүрийгээр аль хэдийнэ солигдон, дугираг саран Кисо уулын тэртээгээс дээшлэн, сарны цагаан гэрэл уулсын үл ялиг гэрэлтүүлж эхэллээ.

Ичикүро замын дагуу ургасан бөөн уд модны нөмөрт суун, нөгөө хоёрыг ойртон ирэхийг хүлээнэ. Гэм хоргүй хоёр залууг, тэгээд бас ийм аз жаргалтай яваа хоёрыг алж хорооно гэдэг бол машид хэрцгий хэрэг болохыг Ичикүро бодоогүй биш бас бодож байж. Нэгэнт сэдсэн хэргийг гүйцээлгүй харьж очвол Оюмид юу гэж хэлхэв. Гэхдээ болж өгвөл цус урсгахгүй дуусгачихыг санаалж байлаа. “Дэмий цус урсгавал хэрэггүй юмсан. Өөрсдөө мөнгө, хувцсаа өгчихвөл ч би тэднийг алахгүй л дээ” хэмээн Ичикүро бопно. Тэр зуур нөгөө хоёр ойртон ирж буй бололтой, дүрс нь тодорсоор. Залуу хос очих газар нь ойрхон гэж бодож байгаа болохоор бие биедээ туслан, яарсаар. Тун их ядарч байгаа нь мэдэгдэнэ.

Тэднийг ойртон ирмэгц Ичикүро ил гаран, хүн амьтныг айлгаж сүрдүүлдэг нөгөө л хэдэн үгсээ тэдэнд ч зориулан хашгирлаа. Харин түүний найдвар талаар болж залуу эр айж сандарсангүй, эхнэрээ биеэрээ хамгаалан, илдээ сугалан авч тулалдаанд бэлтгэв. Ичикүро байдал ингэж өрнөсөнд жаахан сандарсан ч:

-За аа, хөө, аянчид минь, эсэргүүцэх л юм бол амьнаасаа хагацана гэж мэд, харин та нарын амь надад хэрэггүй, хувцас мөнгөө өгөөд л хурдан зайлцгаа, хэмээн сүртэй нь аргагүй хашгирлаа.

Залуу эр дээрэмчний царайг нэлээн ажигласнаа:

-Өө, та чинь цайны газрын эзэн байна шүү дээ, хэмээн зэвүүцэв.

“За даа, хороохоос өөр аргагүй боллоо доо. Энэ хоёр нэгэнт намайг таньсан болохоор амьд үлдээж болохгүй. Тэгвэл бид баларна” гэж Ичикүро бодлоо.

Залуу Ичикүро руу уурлан дайрсан боловч Ичикүро шалмагхан нь аргагүй зайлан, дагз руу нь цохиход залуу орь дуу тавин гэдрэг саван уналаа.

Эхнэр нь айснаасаа болж ухаан нь балартав уу гэлтэй, замын хажууд явган суучихаад, дагжин чичирч байлаа. Ичикүро хүүхэнд гар хүрч зүрхэлсэнгүй. Гэхдээ л “энүүгээр амиа солих гэж үү” гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Эр нөхрийг нь алсан сэтгэлийн хөөрөл нь намдаагүй байлаа. Цусанд будагдсан илдээ далайсаар бүсгүй рүү ойртоход бүсгүй алга хавсран өршөөл эрж буйг нь хараад шуудхан алж бас зүрхэлсэнгүй. Гэлээ ч “энэ хүүхнийг заавал алах ёстой” гэсэн бодолдоо хөтлөгдөн, хувцас хунарыг нь цус нөжтэй нь хутгахгүй юм шүү, гэж бодсоноос бүсгүйн араас нь очиж бүснээсээ хавчуулсан алчуур авч тэр алчуураараа боож аллаа.

Тэр хоёрыг алсны дараа Ичикүро гэнэт жигтэйхэн ихээр айж балмагдан, тэнд удаан байж чадахгүйгээ ухаарлаа. Алагдсан хоёрын хувцсыг хурдхан тайлж аваад зугтаахдаа араас нь хүн дагаад байх шиг санагдан айдас хүйдэст автан байв. Ичикүро арваад хүний амийг хороочихоод байгаа хүн. Хөгшчүүд, худалдаачид голдуу байсан, харин, Ичикүро залуу хүнд, тэгээд бүр залуу хосод гар хүрсэн удаа үгйү. Нүгэл үйлдсэндээ гэмшиж гутарсан тэрбээр олзны хувцас, мөнгийг бузар булайг хаях мэт л Оюми рүү чулуудлаа. Оюми хэзээ язааны д байдлаар олж ирсэн мөнгийг тоолно. Горьдож байснаас нь бага, дөнгөж л арваадхан рёо байжээ. Дараа нь алагдсан бүсгүйн хувцсыг авч үзэв. “Үгүй ээ, энэ чинь хачизүэ торгоор хийсэн кимоно, бас торгон хивтэй дотортой юм гээч. Ингэхэд үснийх нь гоёл хаана байна аа” гэв.

-Гоёл оо? Ичикүро ойлгож ядна.

-Тиймээ, тийм тийм. Ийм кимоно өмссөн хүнд сам, хатгуур зүү заавал байх ёстой. Тэр хүүхнийг сүлжмэл бүрх малгайгаа өмсч байхад нь харсан юмдаг. Яст мэлхийн хуягаар хийсэн гоёл байсан.

Гоёл зэргийн талаар бодох сөхөөгүй байсан Ичикүро юу гэхээ ч мэдэхгүй байлаа.

-Үгүй ээ, чи чинь тэрнийг авахаа мартчихсан юм биш биз дээ? Бараг л долоо найман рёо болно дог шүү. Ямар анх удаа дээрэм хийж байгаа биш дээ. Юуны тулд хүний амь хороосон юм бэ? Толгойных нь гоёлыг хараагүй байж гэнэ. Тэгээд бас дээрэмчин гээп байгаа шүү гээд л, Оюми Ичикүрог толгой түрүүгүй загнав. Үг хэл нь дээрэнгүй.

Залуу хосыг хороосондоо гуниж гутарсан Ичикүрогийн сэтгэлийг Оюмигийн үг улам л шархлуулж байлаа. Алуулсан хүүхний толгойны гоёлыг авч ирээгүйдээ загнуулж байгаадаа нэг их юм бодсонгүй. Тэр хоёрын амийг хороож байхдаа “булай нүгэл үйлдэж байгаадаа” харамсан, юун толгойны гоёлыг авахтай манатай байжээ. Тэр гоёлыг аваагүйдээ одоо ч харамссангүй. Хулгай дээрмийн замд орон, ховдог хомхой сэтгэлийн үүднээс хүний амийг хороож явсан ч цөөвөр чоно лугаа адил ясыг нь цайтал “мөлждөггүйдээ” Ичикүро харамсаж явсангүй. Харин Оюми өөртэй нь адил бүсгүй хүн зэрлэгээр хөнөөгдчихөөд байхад үсэнд нь зүүлтээстэй байсан гоёлд шуналтан байгааг хараад Ичикүро түүнийг улам бүр жигшинэ. Ичикүро сэтгэлийн угт ийнхүү гүнзгий хямран байгааг огт анзаарсангүй Оюми:

-Алив хөө, чи хөдлөхгүй юу? Бараг л арван рёогийн үнэд хүрнэ дээ, хэмээн Ичикүрог хатгана.

Уг нь бол Оюмиг нэг үг хэлэхэд ухасхийдэг Ичикүрогийн дотор элдвийн бодол эргэлдэн, Оюмигийн үгийг сонсохтой үгүйтэй байлаа.

-Яаж ч хэлээд миний үгэнд орохгүй нь л дээ, энэ. Тэгвэл би өөрөө гүйгээд ирье л дээ. Нөгөө л газраа биздээ, хэмээн Оюмиг хэлэхэд Ичикүро шуудхан:

-Тиймээ. Нөгөө л газраа. Ябүхарагийн нарст ойн замд

-За за, би явлаа. Гадаа сартай, гэрэлтэй байна... Энэ дээрэмчний байж байгааг, үгүй бас юу гэхэв дээ хэмээн үглэсээр кимоногийнхоо хормойг шуун, улавчаа углаад гүйн одох нь тэр.

Түүний хойноос харж зогсох Ичикүрогийн сэтгэл жигшил зэвүүцлээр дүүрнэ. Амь насаа алдсан бүсгүйн үсний гоёлыг салгаж авахаар хөлийн хурдаар харайлгаж яваа энэ бүсгүйг хэзээ нэгтээ хайрлаж явсан гэж бодохоор ой нь гутна. Ичикүро аль муу муухай бүхнийг хийж явахдаа, хүмүүсийг алж талж явахдаа, энэ бузар булай явдал тэгтэл ичгүүртэй санагдаж байсангүй. Харин одоо Оюмиг ажиглаж байхдаа үйлдэж байсан бузар булай бүхнээ даанч ихээр ойлгох болжээ. Хүний амийг хороон байж өөрийн болгож явсан бүсгүй нь одоо ингээд яст мэлхийн ясаар хийсэн зүүлт, тав арван рёо мөнгөний төлөө эмэгтэй хүний нандин зөөлөн бүхнийг хөсөр хаян, амьтны сэг рүү улайрах чоно адил уулгалахыг хараад, ийм эмтэй хормын төдий цунг байж чадахгүй болсноо ухаарчээ. Ичикүро үйлдсэн бүх нүглээ санан дурсахаар зүрх нь шимширнэ. Боож алсан хүний нүд, цусандаа хутгалдсан худалдаачны ёолох дуу, илдэнд өртөн унах буурал үст өвгөний гинших дуу, бүгд холилдон сонсогдож, хачин жигтэйхэн болж байлаа. Энэ бүхний аймшгийг мэдэрч дагжин чичирнэ. Туулж ирсэн бүхнээсээ хурдхан шиг салах юмсан. Өөрөөсөө дайжъя. Бузар эмээс ч бушуухан холдоё.

Ичикүро шалавхан босч, хэдэн хувцсаа баадагнан, түрүүний залуугаас дээрэмдэн авсан мөнгийг замдаа хэрэглэх зорилгоор бүсэндээ ороон, хар эрчээрээ гүйн одов. Харин хэсэг гүйж явснаа авч яваа бүхэн нь дээрмээр олсон гэдгээ санамагц гэртээ буцаж ирэн, авч явсан эд зүйлсээ босгон дээрээсээ дотогш чулуудлаа.

Оюмитэй таарчихгүйн тулд замаар явсангүй, Кисо голын эргээр хаашаа явахаа үл мэдэн хандсан зүгтээ хурдалж явлаа. Яаж ийгээд л өөрийн бузар гэмт хэргийн үүр уурхай болсон газраас бушуухан л холдохын түүс болж байлаа.


<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

БУРХНЫ НҮД

Зургаан зүйл хамаг амьтан
Үйлийн үрээр сансарын хүлгэнээ хүлэгдсээр байна
Үйлийн үрээс гэтэлгэх замыг хүн та өөрөө л...
Нүүр хуудас